САНГИЙН ЯАМНЫ САЙД САНЖИЙН ДОВЧИН


                                                                        Санжийн Довчин.
                                                           
Санжийн Довчин. Монгол улсын Сангийн Сайдыг 1926-1939 он хуртэл удаан тогтвортой хашиж байсан хун. Хэлмэгдуулэлтийн хар шуурга аваад явчихсан. Тэгээгуй бол их ч юм хийх байсан байх даа. Зус царай, бие хаач сайхан монгол эр.
Ардын төрийн эхэн үеийн түүхэнд томоохон байр суурь эзэлдэг нийгэм-улс төрийн зүтгэлтний нэг бол Сангийн яамны сайдын албыг 13 жил хашсан Санжийн Довчин байлаа.
Довчин сайд 1895 онд Сайн ноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Өлзийт сумын нутаг Есөн зүйл хэмээх газар тайж Хасын хамжлага ард Санжийн хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Довчин 12 наснаасаа гэрийн сургалтаар боловсрол олж, 1908-1912 онд хошуу тамгын газар бичээч, аймгийн чуулганы жинхэнэ бичээч, түшмэлийн албыг хаших болжээ. Тэрээр үүнийхээ зэрэгцээ Оросын шинжилгээний ангийн хүмүүстэй танилцаж газарчин, туслах ажилтнаар ажиллаж явахдаа орос хэлийг овоо зэгсэн сурч, Октябрийн хувьсгалын үзэл санаа, шинэ нийгмийн байгуулалтын талаар төсөөлөлтэй болж, нутгийн ядуучуудын талаар хошууны эрх баригчдаас явуулж байгаа бодлогыг шүүмжилж, буруушаасан нь дээдчүүлийн чихэнд хүрч хошуу ноён Норовжанцанд хавчигдан нутгаасаа дайжих шалтаг болжээ. Ингээд 1913 онд Оросын хайгуулын экспедицийнхнийг дагаж Нийслэл хүрээнд иржээ. Хүрээнд ирсэн даруйдаа Түмтийн өртөөнд улаач хийж байгаад Хужирбулан дахь Сайн ноён хан аймгийн цэргийн хороонд бичээч, цэргийн яамны түшмэл, эх зохиогч түшмэлээр 1919 он хүртэл ажиллажээ.
1919 оноос Сайн ноён хан аймагт чуулган тамгын Мээрэн түшмэлийн алба хашиж байгаад 1921 оны зун өртөө улаа зэргийг тэгшитгэх, хуваах хэргээр дахин Нийслэл хүрээнд ирэхэд нь Монгол ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж, хуучин төрийн аппаратыг татан буулгаж, ардын засгийг шинээр байгуулсан хувьсгалын өрнөлтийн үе байв. Ийнхүү Довчин нутаг буцахгүй хуучин танил Д.Сүхбаатар нарын хүмүүстэй уулзаж 1921 оны долдугаар сараас Цэргийн яаманд ерөнхий хэлтсийн даргаар ажиллах болов. Энэ хугацаанд Монгол ардын намд элсч улмаар 1922 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын 56-р тогтоолоор Зүүн хязгаарыг захиран тохинуулах сайдаар Магсар Хурцын Дугаржавын оронд томилогдов. Тэр үед Довчин сайд орос хэл гадарлах цөөхөн хүний нэг байсан бөгөөд 1924 оноос ГЯЯ-ны дэд сайд, 1926-1939 он хүртэл Сангийн яамны жинхэнэ сайд, Монголбанкны ерөнхий хорооны даргаар хавсран ажиллаж байсны зэрэгцээ 1935 оноос Ерөнхий сайдын орлогч мөн МАХН-ын Төв хорооны тэргүүлэгч гишүүнээр тасралтгүй ажиллаж байгаад 1939 оны долдугаар сарын 10-ны шөнө Монгол орныг нэлэнхүйд нь хамарсан улс төрийн хилс хэрэгт сэжиглэгдэн баривчлагдаж Орос руу ачигдаж ясаа тавьсан ажгуу.
Довчин сайдын эдийн засгийн байр суурь:
Феодалын Монголын мөнгө зээл, санхүүгийн системийн бодлогыг үндсээр нь өөрчилж тухайн үедээ шинэчлэл хийсэн, эдийн засгийн гол хүн бол Довчин сайд байв. Энэ нүсэр ажлыг хийхдээ Орост явагдсан эдийн засгийн бодлогоос өөрөөр гажих аргагүй байлаа. Довчин сайд үндсэн ажлынхаа хажуугаар Засгийн газрын эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, Монгол Улсын мөнгөн гүйлгээний зээлийг шинэчлэн сайжруулах комиссын дарга, Гаалийн хэргийг сайжруулах комиссын дарга, ажилчдын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал аюулгүйн ажиллагааг эрхлэх тусгай комиссын дарга, хууль дүрэм, хэл найруулгыг хянан шалгах комиссын дарга, феодалын хөрөнгө хураах комиссын гишүүн зэрэг үндсэн ба үндсэн бус тун олон ажлыг тэр адармаатай үед нойр хоолгүй ажиллаж хариуцан гүйцэтгэж явжээ.
1932 онд хуралдсан МАХН-ын Төв хорооны онц гуравдугаар бүгд хурлаас гаргасан шинэ эргэлтийн бодлого нь Монгол орныг нийгэм, эдийн засгийн хямралаас гаргах, ард олны аж амьдралыг сайжруулж, жижиг тархай бутархай аж ахуйн хувийн сонирхлыг дээшлүүлэхэд бүрэн чиглэгдэж байв. Шинэ эргэлтийн үзэл санааг тууштай хэрэгжүүлэгчийн нэг нь Довчин сайд байсан бөгөөд энэ талаар Намын төв хороо, Засгийн газрын хуралдаанд нийт 10 удаа илтгэл, айлтгал тавьж “Үнэн” болон “Ардын үндэсний эрх” сонинд “Албан татварын компанийг өргөнөөр явуулъя”, “Улсын албан татварын хуулийг гүйцэтгэх ба намын байгууллагын хэрэг”, “Монголбанкны арван жилийн ой”, “Жас нарын хөрөнгийг хураах, улсын албан татварын хуулийг зөвөөр нийлүүлэхийг анхаарах” зэрэг 42 материал нийтлүүлж ард түмэнд сурталчилж байжээ.
Санхүү эдийн засгийн боловсон хүчин бэлтгэх талаар Довчин сайдын оруулсан нэг гол гавьяа бол 1924 оноос одоогийн СЭЗДС-ийн гал голомт болох Гаалийн түр сургуулийг Сангийн явдлын яамны Баялгийг бадруулах хэлтсийн харьяанд байгуулагдан ажиллахад сургагч багшаар хавсран ажилласан бөгөөд тус сургуулийг өргөтгөн хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн лам хүүхдүүдийг хар болгон Санхүүгийн техникумын дэргэд бэлтгэл анги нээж зураг урлал, сийлбэр мужаан, оёдол хатгамал, хээ угалз зэргийг зааж сурган улмаар сайн хүүхдийг шилж, техникумд суралцуулж байжээ. Зөвлөлтийн сургуулиудын туршлагаар Санхүүгийн техникумыг жинхэнэ ёсоор нь байгуулах сургалтын болон материаллаг баазыг бэхжүүлэх нөр их ажлыг Довчин сайд биечлэн удирдаж Зөвлөлт холбоот улсад багш удирдах хүмүүсийг явуулж дадлагажуулж байжээ.
Монгол Улсын үндэсний банк санхүүгийн систем бүрэлдэн бий болж, тархай бутархай хувийн аж ахуй зонхилсон эдийн засгаас таваарлаг аж ахуйд шилжих шилжилтийн үе эхэлж, үүний зэрэгцээгээр бүртгэл тооцооны системийг цоо шинээр нэвтрүүлж, аж ахуйгаа үр ашигтайгаар эрхлэн хөтлөх зорилт тулгарсан билээ. Энэ зорилтыг шийдвэрлэхэд тухайн үеийн боловсролтой нягтлан бодогч, санхүүгийн ажилтныг бэлтгэх үүрэг бүхий Санхүүгийн техникумыг шинэчлэн бэхжүүлэх ажлыг тасралтгүй явуулж байв. Шинэ эргэлтийн бодлого эдийн засгийн хөгжлийн хэрээр ердийн нэгэн данс хөтлөгч бус бүртгэлээ түшиглэн шинжлэн судлагч аж ахуйг эдийн засгийн аргаар хөтлөх шаардлагыг тус сургууль амжилттай хэрэгжүүлж ирсэн. Довчин сайд өөрөө Орост удаа дараа явж Оросын санхүүгийн сургуулиудын дүрэм, программ, сургалтын хөтөлбөр, технологи, арга ажиллагааг хичээлийн төрөл бүр дээр хийлгэж, өндөр мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд цуцалтгүй ажиллаж сайд өөрөө хичээл зааж байжээ.
Довчингийн энэхүү олон талт хөдөлмөр, хүчин зүтгэлийг тухайн үеийн төрөөс өндрөөр үнэлж “Нөхөр Довчин бол арваннэгдүгээр /1921/ оноос эхлэн улсын хүнд чухал үүрэг тушаалуудыг удаа дараа итгэмжлэгдэн хүлээж, тус тус ардын хувьсгал ба улс төрийн хэрэг ажилд үнэнч шударгаар чармайн зүтгэсээр бүхийн дээр нэн чухал тус улсын санхүүгийн хэрэгт онцоор чармайн зүтгэж, улс орны эдийн засаг, аж ахуйг хөгжүүлэх хэрэгт үлэмжхэн тусыг бүтээж ирсэн юм” гэх зэргээр бичиж байсан бөгөөд 1936 оны нэгдүгээр сарын 17-нд Сангийн яамны сайдаар арван жил үр бүтээлтэй ажилласны ойг нь орон даяар тэмдэглэжээ. Ойн үеэр Сангийн яамны ажилчдын хурлын бичгийг үндэслэн БНМАУ-ын Ардын СНЗ-ийн 372 дугаар тогтоолоор “Сангийн яамны сайдын арван жилийн ойг үүрдийн дурсгал болгон Санхүүгийн техникумын сургуулийг нөхөр Довчингийн нэрийн дор явуулах”-ыг ёсоор болгон баталжээ. /УТТА., Ф-1, Д-2, Х/Н-98, 39-54 дэх тал/
Довчин сайдыг хэлмэгдүүлсэн нь:
Коминтерн болон ЗХУ-ын коммунист намын шууд заавраар хүчээ авсан их баривчилгааны жилүүдэд Засгийн газрын танхимын гишүүдээс Сангийн яамны сайд Довчин, Худалдаа аж үйлдвэрийн сайд Дорж хоёр л үлдсэн. Тэд ажлын арга барил, мэдлэг чадвар боловсролоороо толгой цохидог байсан бөгөөд үүнийг нь ч ашиглах гэж нэлээн хожуу баривчилсан. Уг нь тэр хоёрыг баривчлах ажиллагаа бүр 1937 оноос эхэлжээ. Ингээд 1939 оны долдугаар сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр Улсын бага хурлын дарга, НТХ-ын тэргүүлэгч гишүүн Довчин сайдыг Догсом, НХШХ-ны дарга Лосол, төрийн сайд Дорж, Данший-Цоодол нарын хамт баривчилж, Чита хотоор дамжуулж Москвад аваачиж КГБ-ийн гарт тушаажээ. Энд нэг сонирхол татсан баримт байдаг. 1938 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр Ерөнхий сайд Амар гуай ДЯЯ-ны дэд сайд Б.Лосолыг дуудаж ярилцахдаа “Танай Чойбалсан Довчин, Дорж хоёрыг баривчлах гээд байна. Чи аргалж эв зүйг олж баривчлуулахгүй байх талыг бодоорой. Тэгэхдээ илээр шууд татгалзаж болохгүй шүү. Удахгүй НТХ-ны дөрөвдүгээр бүгд хурал Чойбалсан болон ДЯЯ-ны захирлыг хэлэлцэж их баривчилгааг зогсоох арга хэмжээ авна. Тэр хүртэл хэрвээ чи баривчлахаар шийдсэн хүмүүсийг урьд нь надад мэдэгдэж байгаарай” гэж Лосолд хэлжээ. ДЯЯ-ны орлогч сайд Лосол баривчлагдаж хожим мөрдөн байцаалтад ингэж мэдүүлжээ.
Монголын шинэ тулгар төрийн нэр хүндтэй гавьяатай сэхээтэн Довчинг 1940 оны долдугаар сарын 5-ны өдөр Зөвлөлт холбоот улсын Цэргийн онц шүүхээр цаазлах ял оноож гүйцэтгэжээ. Довчинг 1962 онд улс төрийн хувьд нь цагаатгаж, 1990 онд МАХН-ын гишүүнийг нь сэргээжээ



Comments

Popular posts from this blog

Түмэдийн Алтан хан (1507- 1582)

МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)