МОНГОЛЫН НЭРТ ТҮҮХЧ ГҮНЖИЙН СҮХБААТАР (1928-1995)
Монголын эртний түүх судлалын нэрт эрдэмтэн Гүнжийн Сүхбаатар 1928 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт малчин ардын гэрт төржээ. 1952 онд МУИС-ыг түүхч мэргэжлээр төгссөн байна. 1959-1962 онд Бээжингийн их сургуульд Хятад хэлний хоёр жилийн бэлтгэл дүүргэжээ. Хятад хэл эзэмшин хятадын олон мянган түүх судраас эртний Монголчуудын тухай мэдээ сэлтийг бэдэрч, шүүн нягтлан Монголчуудын түүхийг 700-800 жил урагшлуулсан гавьяатан юм.
Улс төрийн хавчлага, дарамтаар хэлмэгдэж судалгаа бүтээл номоо шатаалгаж, ажлаасаа халагдаж байжээ. Үүний гол шалтгаан нь түүхийн үнэнийг сурах бичигт хэвлүүлсэн учир тэр. Оросууд Хүннүг өөрсдийнх нь олон үндэстний нэг эсвэл түрэг гаралтай гэж үздэг үзлийг ноттой баримтаар няцааж, Хүннү, Сүмбэ /Сяньби/, Нирун /Жужань/ Монголчуудын эртний өвөг болохыг хөдлөшгүй баримтаар нотолжээ.
Монголчуудын эртний түүхээр судалгаа хийж Сяньби 1971 он, Монголчуудын эртний өвөг 1-р боть /Хүннү/ 1980 он, Нирун зэрэг номоо 1992 онд хэвлүүлжээ. Мөн Монголын түүхийн дээж бичиг гэсэн 4 цуврал ном хэвлүүлсэн юм.
Нэрт түүхч Г.Сүхбаатар "Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйл, гайхамшигт бүтээл туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно" гэж хэлжээ.
Comments
Post a Comment